MMIC платформын хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөл

Платформын хаяг: www.mmic.com.cn
Платформын бүтэн нэр: MMIC Монголын Уул Уурхайн Мэдээллийн Төв (Mongolian Mining Information Center)
Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны 07 дугаар сарын 28

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь www.mmic.mn вэбсайт болон түүнтэй холбоотой цахим платформ, мэдээллийн сан, бүтээгдэхүүн, үйлчилгээ (цаашид хамтад нь “Платформ” гэх)-ыг ажиллуулж буй Монголын Уул Уурхайн Мэдээллийн Төв (цаашид “MMIC” гэх) болон платформыг ашиглаж буй хувь хүн, хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх)-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.

  2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд платформын уул уурхайн салбарын мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээ, мэдээллийн сан, гишүүнчлэл, GIS мэдээлэл, лицензтэй холбоотой мэдээлэл, тендерийн мэдээлэл, зөвлөх үйлчилгээ болон нэмэлт захиалгат үйлчилгээ зэрэг хамаарна.

  3. Платформд бүртгүүлэх, “Би зөвшөөрч байна” товчийг дарах, гишүүнчлэл худалдан авах, мэдээлэл татах, үйлчилгээний хүсэлт илгээх болон платформын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах замаар Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, түүний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв тус үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд платформын бүртгэлтэй болон төлбөртэй үйлчилгээг ашиглахгүй байх бүрэн эрхтэй.

  4. MMIC нь уул уурхайн салбарын мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээ болон холбогдох үйлчилгээг үзүүлэгч мэдээллийн платформ бөгөөд төрийн эрх бүхий байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэх, сунгах, цуцлах, тендер шалгаруулалтын талаар шийдвэр гаргах болон бусад төрийн эрх мэдлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй болно.

  5. Нэр томьёоны тайлбар.

  6. MMIC” гэж Монголын Уул Уурхайн Мэдээллийн Төвийг;

  7. “Платформ” гэж MMIC-ийн ажиллуулж буй www.mmic.mn вэбсайт, цахим мэдээллийн сан, GIS систем болон түүнтэй холбоотой цахим үйлчилгээг;

  8. “Хэрэглэгч” гэж платформд нэвтэрч, бүртгүүлж, мэдээлэл авч, үйлчилгээ ашиглаж байгаа 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн эсвэл хуулийн этгээдийг;

  9. “Гишүүнчлэл” гэж платформын төлбөртэй мэдээлэл, өгөгдөл болон бусад үйлчилгээг ашиглах эрхийг;

  10. “Гишүүний үйлчилгээ” гэж Энгийн, Мөнгөн, Алтан гэсэн гурван шатлалт төлбөртэй багц үйлчилгээг;

  11. “Платформын өгөгдөл” гэж уул уурхайн компани, тусгай зөвшөөрөл, түүхий эдийн үнэ, худалдаа, тендер, GIS, дэд бүтэц, бодлого, хууль тогтоомж, судалгаа, тайлан болон бусад салбарын мэдээллийг;

  12. “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгч платформд бүртгүүлэх, үйлчилгээ авах болон хүсэлт гаргах үед өгсөн баримт бичиг, мэдээллийг;

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

  1. Үнэ төлбөргүй үйлчилгээ

Бүртгэлтэй хэрэглэгч платформд нийтэд нээлттэй байршуулсан дараах мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж болно. Үүнд: (а) уул уурхайн салбарын мэдээлэл, мэдээ, товхимол, (б) уул уурхайн компаниудын үндсэн мэдээлэл, (в) нээлттэй тендерийн мэдээлэл, (г) газрын зургийн үндсэн давхарга, (д) нээлттэй бодлого, журмын агуулга, (е) бусад нийтэд нээлттэй мэдээлэл.

  1. Төлбөртэй гишүүнчлэл

MMIC нь платформын төлбөртэй үйлчилгээг Энгийн, Мөнгөн, Алтан болон бусад багцаар санал болгож болно. Тухайн багцын үнэ, хүчинтэй хугацаа, үйлчилгээний хамрах хүрээ болон ашиглах нөхцөлийг платформ дээр тухай бүр нийтэлнэ. Төлбөртэй гишүүнчлэлд дараах үйлчилгээ хамаарч болно. Үүнд: (а) худалдааны бүрэн өгөгдөл, (а) салбарын судалгаа, тайлан, (б) GIS мэдээлэл (лиценз, дэд бүтэц, өгөгдлийг экспортлох боломж), (в) тендерийн нэмэлт мэдээлэл, баримт бичиг, (г) өдөр тутмын мэдээлэл, (д) түүхий эдийн үнийн хэлбэлзлийн мэдээлэл, (е) Монгол, Англи, Хятад хэл дээрх мэдээлэл, баримт бичиг, (ё) тухайлсан судалгаа болон зөвлөх үйлчилгээ.

  1. Лицензийн үйлчилгээний хүсэлт

Хэрэглэгч “Лицензийн хүсэлт илгээх” хэсгээр дамжуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл лавлах, хүсэлт илгээх боломжтой. Хэрэглэгч шаардлагатай мэдээллийг (лицензийн код, файл, компанийн мэдээлэл, холбоо барих мэдээлэл, хүсэлтийн зорилго гэх мэт) үнэн зөв бөглөх үүрэгтэй. MMIC нь Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага буюу гуравдагч этгээдэд дамжуулах, мэдээллийн болон холбон зуучлах үйлчилгээ үзүүлж болно. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эцсийн шийдвэрийг зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллага гаргана.

  1. Зөвлөх үйлчилгээний хүсэлт

MMIC нь холбогдох салбарын судлаач, шинжээч, зөвлөхийн оролцоотойгоор дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж болно. Зөвлөх үйлчилгээний хүрээнд Хэрэглэгчид өгсөн мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн “мэргэжлийн саналын шинжтэй” байх бөгөөд хууль зүйн, санхүүгийн, хөрөнгө оруулалтын болон төрийн эрх байгууллагын албан ёсны үндэслэл болохгүй. Хэрэглэгч тухайн мэдээлэл, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргахдаа өөрийн нөхцөл байдал, бодит эрсдэлийг бие даан үнэлнэ.

  1. Нэмэлт захиалгат үйлчилгээ 

MMIC нь төлбөртэй гишүүнчлэлийн үйлчилгээнээс гадна дараах нэмэлт үйлчилгээг захиалгаар үзүүлж болно. Үүнд: (а) ашигт малтмалын талбайн судалгаа, (б) салбарын болон зах зээлийн судалгаа, (в) хууль нийцлийн мэдээлэл, баримт бичгийн эмхэтгэл, (г) түүхий эдийн үнийн судалгаа, тооцоо, (д) хөрөнгө оруулалтын боломжийн тойм, (е) GIS болон өгөгдлийн тусгай боловсруулалт, (ё) бусад захиалгат судалгаа, мэдээллийн үйлчилгээ зэрэг.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

  1. Бүртгэл.

Хувь хэрэглэгч нь өөрийн нэр, утасны дугаар, и-мэйл хаяг болон шаардлагатай бусад мэдээллийг, хуулийн этгээд хэрэглэгч нь байгууллагын нэр, регистрийн дугаар, эрх бүхий төлөөлөгчийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэглэгч нэг этгээдэд хамаарах нэг бүртгэл ашиглах бөгөөд хуурамч, давхардсан, бусдын нэрийн өмнөөс болон автомат аргаар олноор бүртгэл үүсгэхийг хориглоно.

  1. Мэдээллийн үнэн зөв байдал. 

Хэрэглэгч бүртгүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчилнэ. Хэрэв буруу эсвэл хуучирсан мэдээллээс болж мэдэгдэл хүрээгүй тохиолдолд Хэрэглэгч өөрөө хариуцна.

  1. Нэвтрэх эрхийн аюулгүй байдал. 

Хэрэглэгч өөрийн нэвтрэх эрх (нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код)-ийн мэдээллийн нууцлалыг бүрэн хариуцаж хадгална. Нэг хэрэглэгчийн нэвтрэх эрхийг бусад этгээдэд шилжүүлэх, түрээслэх, худалдах, болон зөвшөөрөлгүй ашиглуулахыг хориглоно. Хэрэглэгчийн нэвтрэх эрх алдагдсан, зөвшөөрөлгүй хандалт сэжиглэгдсэн тохиолдолд нэн даруй MMIC-д мэдэгдэж бүртгэл түр хаалгах хүсэлт гаргах үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүйгээс үүссэн хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна. Нэг бүртгэлээр олон этгээд зэрэг нэвтрэх, эрхээ бусдад ашиглуулах эсвэл үйлчилгээний багцын хязгаарлалтыг тойрч ашигласан нь тогтоогдсон тохиолдолд MMIC нь бүртгэлийг түр түдгэлзүүлэх, хязгаарлах, цуцлах эрхтэй.

  1. Бүртгэл цуцлах. 

Хэрэглэгч хүссэн үедээ бүртгэл цуцлуулах хүсэлт гаргах боломжтой. Бүртгэл цуцлагдсан ч хууль тогтоомжид заасан хадгалалтын үүрэг, санхүү, татвар, нягтлан бодох бүртгэл, маргаан шийдвэрлэх болон эрхийг хамгаалахтай холбоотой мэдээллийг холбогдох хугацаанд хадгалж болно.

ДӨРӨВ. ТӨЛБӨР БА БУЦААН ОЛГОЛТ

  1. Багцын үнэ ба өөрчлөлт. 

Гишүүнчлэлийн үнийг платформ дээр урьдчилан мэдээлнэ. MMIC нь үйлчилгээний үнэ, багцын бүтэц, нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлтийг платформ болон боломжит бусад харилцаа холбооны хэрэгслээр урьдчилан мэдэгдэнэ. Өмнө нь төлбөрөө бүрэн төлж, хүчинтэй хугацаанд ашиглаж байгаа гишүүнчлэлд шинэ үнийн шинэчлэлтийг буцаан хэрэглэхгүй.

  1. Төлбөр ба нэхэмжлэх.

MMIC нь банкны шилжүүлэг, цахим төлбөрийн систем болон платформд санал болгосон бусад төлбөрийн хэрэгслээр төлбөр хүлээн авна. Хэрэглэгч төлбөр хийхээс өмнө төлбөрийн баримт, нэхэмжлэл, байгууллагын болон татварын мэдээллээ үнэн зөв шалгана.

  1. Гишүүнчлэлийн хүчинтэй хугацаа.

Гишүүнчлэл нь төлбөр амжилттай баталгаажсаны дараа идэвхжинэ. Гишүүнчлэлийн хүчинтэй хугацаа нь худалдан авсан багцын нөхцөлөөс хамаарч (сар/улирал/жил) хүчинтэй байна. Хугацаа дууссаны дараа гишүүнчлэлийн эрх автоматаар зогсоно.

  1. Буцаан олголтын дүрэм.

Төлбөртэй гишүүнчлэл нээгдсэний дараа, зөвхөн дараах тохиолдолд буцаан олголт хийж болно. Үүнд: MMIC-ийн техникийн шалтгаанаар платформын системийн доголдол тасралтгүй 72 цагаас дээш хугацаагаар үргэлжилж, бүх гишүүний өгөгдөл, GIS функц бүрэн хандалтгүй болсныг техникийн шалгалтаар баталгаажуулсан тохиолдолд үйлчилгээ ашиглах боломжгүй байсан хугацаанд хувь тэнцүүлэн буцаан олгоно.

Дараах тохиолдолд буцаан олголт хийхгүй. Үүнд: (а) хэрэглэгч үйлчилгээг буруу, андуурч сонгосон, гишүүнчлэлийн эрх, үйлчилгээгээ ашиглаагүй, эсвэл хүлээлтэд нь нийцээгүй, (б) Үйлчилгээний нөхцөл, нууцын бодлого зөрчсөний улмаас үйлчилгээний эрх цуцалсан, (в) нэг удаагийн захиалгат судалгаа, тайлан, зөвлөх үйлчилгээг бүрэн авсан зэрэг.

ТАВ. МЭДЭЭЛЭЛ, ӨГӨГДӨЛ АШИГЛАХ ЖУРАМ

  1. Мэдээллийн ашиглалт.

Хэрэглэгч нь платформын өгөгдөл, тайлан, GIS мэдээлэл болон бусад материалыг зөвхөн өөрийн хэрэгцээ, байгууллагын дотоод үйл ажиллагаа, судалгаа, бизнесийн шийдвэр гаргалтад ашиглана. Гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулах, нийтэд дэлгэхийг хориглоно.

  1. Мэдээллийн эх сурвалж, баталгаат байдал.

Платформ дээрх зах зээлийн шинжилгээ, лицензийн мэдээлэл, тайлан, тендерийн мэдээлэл нь зөвхөн мэдээлэл, лавлагааны зорилготой бөгөөд хууль зүй, санхүү, хөрөнгө оруулалтын албан ёсны зөвлөгөө биш болно. Платформд агуулагдах Монгол Улсын ашигт малтмалын талаарх мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэл, нийтэд нээлттэй компанийн мэдээлэл болон салбарын судалгаа, мэдээллийн эх сурвалжид үндэслэн цуглуулж, боловсруулдаг. MMIC нь мэдээллийг нийтлэхдээ боломжит хэмжээнд эх сурвалжийг нягтлан шалгах арга хэмжээ авах боловч мэдээлэл бүрийн үнэн зөв, эргэлзээгүй байдалд баталгаа өгөхгүй. Хэрэглэгч нь платформын мэдээлэлд үндэслэн хөрөнгө оруулалт, худалдаа, санхүү, хууль зүй болон бусад шийдвэр гаргахдаа мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаар давхар баталгаажуулна.

  1. GIS мэдээлэл.

Платформын газрын зураг дээрх лицензийн хил хязгаар, талбайн хэмжээ, координат, дэд бүтэц, орд, зам, суурьшлын бүс болон бусад GIS давхарга нь төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээллээс зөрүүтэй байгаа тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын мэдээлэл, бүртгэл, баримт бичгийг үндэслэнэ. Шаардлагатай тохиолдолд Хэрэглэгч холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас албан ёсны лавлагаа, тодорхойлолт авч баталгаажуулна.

ЗУРГАА. ХОРИГЛОСОН ҮЙЛДЭЛ

  1. Хэрэглэгч дараах үйлдлийг хийхийг хориглоно. Үүнд:

  2. Хэрэглэгч MMIC-ийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр платформын мэдээлэл, өгөгдөл, тайлан, GIS давхарга, баримт бичгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлах, нийтлэх, худалдах, дахин борлуулах, түгээх;

  3. Бүртгэл болон гишүүнчлэлийн эрхийг бусдад шилжүүлэх, түрээслэх, худалдах, хуваалцах;

  4. Бот, скрипт, бусад программ ашиглан платформын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бөөнөөр татах, цуглуулах;

  5. Платформын хамгаалалт, төлбөрийн механизмыг тойрч гарах, хакердах, алгасах, серверт зөвшөөрөлгүй нэвтрэх, эх код, API болон бусад техникийн бүрэлдэхүүн хэсгийг зориулалтын бусаар ашиглах;

  6. Вирус, хортой код болон Платформын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа программ, файл, худал мэдээ тараах;

  7. Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн бусад үйлдэл хийх.

  8. Хэрэглэгч нь дээрх зөрчил гаргасан тохиолдолд MMIC нь зөрчлийн шинж, хэмжээнээс хамааран Хэрэглэгчийн бүртгэл, гишүүнчлэл, мэдээлэлд хандах эрхийг түр түдгэлзүүлэх, хязгаарлах, цуцлах болон хуульд заасан бусад арга хэмжээ авах эрхтэй.

ДОЛОО. ОЮУНЫ ӨМЧ

  1. Оюуны өмчийн хамаарал. 

Төрийн болон холбогдох байгууллагаас эх сурвалжтай анхдагч нээлттэй мэдээллээс бусад платформын бүхий л агуулга (текст, шинжилгээ, GIS давхарга, орчуулга, лого, программ хангамж, дизайн болон MMIC-ийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бусад агуулга) нь MMIC-ийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын хууль болон холбогдох олон улсын гэрээ, конвенциар хамгаалагдана.

  1. Хэрэглэгчийн хязгаарлагдмал эрх. 

Хэрэглэгчид платформыг ашиглахтай холбоотойгоор зөвхөн энэхүү Үйлчилгээний нөхцөлд зөвшөөрсөн хүрээнд, хувийн болон байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах хязгаарлагдмал, шилжүүлэх боломжгүй эрх олгогдоно.

  1. Оюуны өмчийн зөрчлийн хариуцлага. 

Хэрэглэгч нь MMIC-ийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд MMIC нь зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан тухайн хэрэглэгчийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх буюу цуцлах, зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ авах эрхтэй. Хэрэглэгч нь зөрчил гаргасантай холбоотойгоор үйлчилгээний төлбөрийг гурав (3) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх үүрэгтэй. Энэхүү торгууль нь MMIC-д учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай давхар хэрэглэгдэнэ. Мөн MMIC нь оюуны өмчийн эрхээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбогдон гарсан хууль зүйн үйлчилгээний төлбөр болон нотариатын зардлыг үл маргах журмаар шаардах эрхтэй байна.

НАЙМ. ПЛАТФОРМЫН ЭРХ БА ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

  1. Үйл ажиллагаа, өөрчлөлт хийх эрх. 

MMIC нь платформыг боломжит хэмжээнд тогтвортой ажиллуулахыг зорих боловч тасралтгүй ажиллагааг баталгаажуулдаггүй. MMIC нь техник, технологи, зах зээлийн шаардлагаас хамааран үйлчилгээ буюу агуулгаа түр буюу бүр мөсөн зогсоох эрхтэй. Серверийн засвар үйлчилгээ, тогтмол шинэчлэлтийг сайтын дотоод мэдэгдлээр урьдчилан мэдэгдэх бөгөөд богино хугацааны тасалдалд нөхөн төлбөр олгохгүй.

  1. Хэрэглэгчийн хяналт. 

MMIC нь Хэрэглэгчийн платформд хандсан огноо, цаг, IP хаяг, төхөөрөмж, үйлдлийн бүртгэл болон холбогдох техникийн мэдээллийг үйлчилгээг сайжруулах, хууль тогтоомж, Нууцлалын бодлогод нийцүүлэн цуглуулж, боловсруулах боломжтой.

  1. Гуравдагч этгээдийн мэдээлэл.

Платформд гуравдагч этгээдийн вэбсайт, компани, байгууллага, зар сурталчилгаа, тендерийн материал, баримт бичиг, холбоос, API болон бусад агуулга агуулагдаж болно. Тухайн агуулгыг гуравдагч этгээдээс авсан бол MMIC нь тухайн гуравдагч этгээдийн үйл ажиллагаа, мэдээллийн үнэн зөв, эргэлзээгүй байдалд баталгаа өгөхгүй. Хэрэв Хэрэглэгчийн ашигласан мэдээллээс болж гуравдагч этгээд нэхэмжлэл гаргавал үүнээс үүдэх бүх зардлыг (нөхөн төлбөр, хуульчийн болон нотариатын зардал г.м) Хэрэглэгч өөрөө хариуцна. 

  1. Давагдашгүй хүчин зүйл.

Байгалийн гамшиг, гал түймэр, үер, газар хөдлөлт, дайн, үймээн, төрийн байгууллагын шийдвэр, цахилгаан болон интернетийн өргөн хүрээний тасалдал, кибер халдлага, гуравдагч этгээдийн системийн доголдол болон MMIC-ийн үндэслэлтэй хяналтаас гадуурх бусад нөхцөл байдлын улмаас үйлчилгээ тасалдсан, мэдээлэл хоцорсон, хүртээмж буурсан тохиолдолд MMIC нь тухайн нөхцөл байдлын шууд үр дагаварт хариуцлага хүлээхгүй.

  1. Хариуцлагын дээд хэмжээ. 

MMIC-ээс Хэрэглэгчид олгох нөхөн төлбөрийн нийт хэмжээ тухайн Хэрэглэгчийн MMIC-д өмнөх 12 сарын хугацаанд төлсөн үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

ЕС. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БА НУУЦЛАЛ

  1. Хэрэглэгч платформд бүртгүүлэх, төлбөр төлөх, лиценз/зөвлөгөө хүсэх болон бусад үйлчилгээ ашиглах үед өгсөн хувийн болон хуулийн этгээдийн мэдээллийг MMIC нь холбогдох хууль тогтоомж болон өөрийн “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөл, журмын дагуу цуглуулж, боловсруулж, хадгалж, хамгаална.

  2. MMIC нь Хэрэглэгчийн мэдээллийг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу эсвэл Хэрэглэгчийн өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гуравдагч этгээдэд дамжуулж болно. Хэрэглэгчийн мэдээллийг тухайн үйлчилгээг үзүүлэх, Хэрэглэгчийн хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, гэрээний үүргийг хэрэгжүүлэх болон хууль тогтоомжид заасан бусад зорилгоор ашиглана.

  3. Хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, шүүх болон бусад эрх бүхий этгээдээс шаардсан тохиолдолд MMIC нь Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох этгээдэд гаргаж өгч болно.

АРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, МЭДЭГДЭЛ 

  1. MMIC нь хууль тогтоомжийн өөрчлөлт, платформын үйл ажиллагаа, үйлчилгээний бүтэц, техникийн шаардлага, аюулгүй байдлын шаардлага болон бусад үндэслэлээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

  2. Нэмэлт, өөрчлөлтийг платформ дээр нийтлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад холбоо барих хэрэгслээр мэдэгдэнэ.

  3. Хэрэглэгч нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа платформын үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд тухайн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

  4. Хэрэглэгч бүртгэлтэй холбоо барих мэдээллээ үнэн зөв, шинэчилсэн байлгах үүрэгтэй. MMIC-ээс Хэрэглэгчийн бүртгэл дэх холбоо барих мэдээллээр илгээсэн мэдэгдэл нь Хэрэглэгчийн буруу, дутуу мэдээлэл өгсөн, мэдээллээ шинэчлээгүй зэрэг Хэрэглэгчээс шалтгаалсан нөхцөлөөр хүргэгдээгүй тохиолдолд MMIC нь мэдэгдэл хүргүүлэх боломжит арга хэмжээг авсан гэж үзнэ.

АРВАН НЭГ. ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ БА МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  1. Хэрэглэх хууль. 

Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнтэй холбоотой харилцааг Монгол Улсын хуулиар зохицуулна.

  1. Маргаан шийдвэрлэх. 

MMIC болон Хэрэглэгчийн хооронд энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд талууд эхний ээлжид онлайн үйлчилгээ болон бусад боломжит харилцаа холбооны хэрэгслээр харилцан зөвшилцөж, эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцлийн журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.

  1. Хэл хоорондын зөрүү. 

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол, Англи, Хятад болон бусад хэлээр орчуулагдсан байж болно. Хэл хоорондын хувилбаруудын агуулга, тайлбарын хооронд зөрүү гарсан тохиолдолд Монгол хэл дээр үйлдсэн хувилбарыг эх хувилбар гэж үзэж, түүнийг баримтална.

АРВАН ХОЁР. БУСАД ЗҮЙЛ

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

  2. Энэхүү үйлчилгээний нөхцөл болон MMIC-ийн “Нууцлалын бодлого” нь Платформоор үзүүлэх үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгч болон MMIC-ийн хоорондын харилцааг зохицуулах салшгүй баримт бичиг байна. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон “Нууцлалын бодлогын” бүрэн эхийг Платформын доод хэсэгт байрлах холбогдох холбоосоор дамжуулан хүссэн үедээ уншиж, танилцах боломжтой.

    Холбоо барих и-мэйл: info@mmic.mn